Аливаа юмны эсрэг утга заримдаа хамгийн сайн тайлал болох нь бий. Шууд утгаараа бууж өгөхгүй байгаа үгс эсрэгээрээ илүү агуулга сайтай гаргалгаа болох ч тохиолдол байдаг. Жишээ нь улстөрчдийн нэрийг эсрэгээр нь ойлговол илүү гоё ч юм уу?
З.Алтай.....................Алгүй
Н.Алтанхуяг............Гуулиндуулга
Р.Амаржаргал.........Хэцүү-Зовлон
Д.Арвин....................Хомсхон
Э.Бат-Үүл................Солигдмол-Үүл
Х.Баттулга..............Хэврэг-Пэлээтиг
Ж.Батсуурь.............Ганхдаг-Хундаам
Ж.Батзандан...........Яг-Явдалтай
С.Баяр......................Гуниг
Л.Гансүх..................Модон-Хөрөө
Л.Гүндалай.............Гүехэн-Шалбааг
Д.Дондог.................Донгод
Д.Загджав..............Цагдаж яв
Г.Занданшатар.....Онгон-Даам
Д.Зоригт.................Хулчгар
С.Ламбаа.................Харшээ /жоохон утгагүй болчлоо/
Х.Наранхүү...........Саран-Охин
Ц.Нямдорж............Чапидорж
Ш.Сайхансамбуу.........Муухайсамбуу
Д.Тэрбишдагва.............Энэмөндагва
Ч.Улаан.........................Ногоон
Ц.Цэнгэл........................Гутрал
Ц.Шинэбаяр..................Хуучингуниг
Элбэгдорж....................Дутуудорж
Энхбаяр........................Дайн-Уйтгар
Б.Жаргалсайхан..........Зовлонмуухай
О.Магнай.....................Дагз
Х.Баасан......................Өтгөнхатсан гэх мэт...
168 цагийн өнгө
Posted
by Idea
in
Хөшигний цаана
За юу юу ч болоод өнгөрчивдөө, саяын долоо хоногт. Ажилдаа орсон, амьтан хүнд загнуулсан, уур жаахан хүрсэн, урам баахан хугарсан, Майкл Жексон нас барсан, Дамчаа гуай зайлуул бас бурхан болсон, Гүндалай гишүүн сайд Цолмонтой хэрүүлийн романс үүсгэсэн гээд аягүй үйл явдаллаг 168 цаг өнгөрсөн байна шд.
Нүүрний тухайд, түлэгдсэний сорви гэхээсээ төрсний сэвх гэж харагдахаар хавтгай хүрэн толбо хацар дээр үлдсэнийг эс тооцвол харьцангуй дээрдсэн. Ямар сайндаа оны өмнө гадаад яваад саяхан ирсэн нэг танил тааралдаад:
- За ойрд яагаад харагдахгүй байваа, арай маамуулаад ирсийм биш биз наад царай зүс чинь?
- Тэгсэн шд. Ихэр бандитай болсоон хө.
- Хөөх тиймүү, баяр хүргэе. Хэн гэж нэр өгөв?
- Энхбаяр, Элбэгдорж... жэхшиг хахаха
Аймаар цаг үеээ мэдэрч нэр өгдөг наасссн. Өөр нэг нь асуувал Оюутолгой, Тавантолгой гэж хариулнаа. Их гуцуул Эрдэнийн хувь, Эх орны хишиг ч гэсэн яады.
Өвгөн загас барьж голын эрэг сахисаар, эмгэн утас ээрч гэрийн мухар сахисаар... гэдэг шиг хоёр сар хорвоогийн явдлаас тасарч гэрийн мухар сахисны эцэст стресс дүүрэн хотын амьдрал, цагт хавчигдсан өдөр тутмын ажилдаа шуударсан чинь сайхан ч юм алга, муухай ч юм алга, сатаарч сонирхох юм бүр ч алга, нэг л их блогтоо томдоод бодолдоо жижигдсэн хүн л байна. Надаар гайхуулчих өөр сонингүй болохоор нам засгийн ганц нэг сониноос дурды л, зүгээр суухаар зүүлэгтэж суу гэж.
Шинэ Ерөнхийлөгч маань ажилдаа ороод, ширээ сандлын томилгоо хийж пэжигнүүлж өгч байнаа. Өөрийг нь сонгуульд ялуулахын төлөө уух ус, унтах хүүхнээ умартан ажилласан Дорлигоогоо Тамгын газрын даргаараа авчихсан, Эрдэнэтийн захирлаас хойш олигтойхон сэнтийд тухлаагүй мань хүн улсын их хуралд дэвшээд уруудаж шороодож явдгаа ч мартчихсан, их л хөөр баяртай яваа сурагтай. Зөвлөхүүд нь харин П.Цагаан гэгч цагтаа сангийн ч, боловсролын ч сайд хийж явсан нэрнийхээ эсрэг зүсмийн нөхрөөс бусад нь тэр болгон сайн муу юманд нэр холбогдож эл доль цохиогүй хүмүүс байна лээ. За тэгээд хэвлэлийн төлөөлөгчөөр НТВ-ийн “Болзоо”-чин Заяа томилогдсон. Хэвлэлийн албандаа Элбэгээг дагаж сонгуулиар цэв цэнхэр болтлоо зүтгэсэн “Болёо, болоошдээ” нэвтрүүлэг хөтөлдөг Санги, “Лийдр” мэдээний Наранбаатар хоёрыг авах янзтай байна.
Сэтгэлийн хөөрлөөр асуудал шийдэх дуртай мань Ерөнхийлөгч анхны захирамжуудаа үзэглэсний нэг нь ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль гаргах байлаа. Үймээн самуунд оролцогчдоос гадна, 45-аас дээш насны, эсвэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялтнууд энэ хуульд хамрагдах сургаар нүдээ бүлтийтэл чих тавьж байгаа сурагтай.
Ямартаа ч “шоронг суллана” хэмээн мэдэгдсэн түүнийг ял завшигчдад боломж олгохгүй, хэнийг өршөөж, хэнийг үлдээхээ ялгаж салгах байх гэж найдаад шийдэл түргэн, шийдвэр мэргэн байгаасай гээд ерөөчихье.
Уяач ихтэй, уралдаанч барилдаанч гишүүдтэй УИХ наадмын өмнө завсарлахаар тун шаргуу шахуу хөтөлбөрөөр хуралдаж байна. Гэхдээ Оюутолгой, эдийн засгийн хямрал, банкны дампуурал, үймээн самуунд өртөгсдийг өршөөх, хохирол барагдуулах гээд амин чухал асуудлуудаас урьтаад пиво, виног хэрхэн хэвлэл мэдээллээр сурталчлах тухай улс оронд “асар тулгамдсан” хууль амжуулж батлахтайгаа л байна. Хэд хэдэн хүний даралт ихэссэн, Бат-Үүл гишүүн ордон дотор ухаан алдсан зэргээс харахад ачаалал нь аргагүй хэвийн хэмжээнээс хэтэрсэн бололтой. Гишүүн гэснээс, Занданшатар гишүүн, Мэргэжлийн хяналтын дэд дарга Янгүгийн Содбаатар нарын хэдэн хүн Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны уулзалтад оролцох гэж яваад онхолдсон гэсэн, азаар мэнд гарцгаасан байна лээ. Хадгаламж банкны 14 тэрбумаас хойш нар үзэхээ больсон МАХН-ын энэ залуучуудын холбоо ном уншуулж сор залахгүй бол хэчнээн ч аавын хүүг шоронд илгээж, шороонд булаа билээ гэх бор шувуу хаа сайгүй нисэлдэж байгааг дурдахгүй өнгөрөх нь ч хаашаа юм, дуу хуур болоод байх нь ч хаашаа юм.
За тэгээд дээр өгүүлсэнчлэн Гүндалай гишүүн ээлжит шоугаа дэглэж, Эрүүл мэндийн дэд сайд Цолмонгийн бөгсний жин, бэлхүүсний тойргийг олон нийтэд хэвлэлийн бага хурал хийлгэн зарлалаа. Цолмон сайдыг нөхрөө хуурч байхад нь гай болж Гүнзгийбалай гишүүн харж таараад, баахан баримт цуглуулж авсан бололтой юм ярина лээ. Яджаахад сайд хатагтайн бөгс хэвийн хэмжээнээс хөнгөхөн байсан тул “Хүнд сурталтай, хөнгөн бөгстэй” хэмээн толгой холбон нэрлэснээ бахархалтайяа тайлбарлаж суугаа харагдсан. Ямар ч бэлэн жин хэмжүүртэй явдагийн, яахаараа ч айлын эхнэрийг мөрдөж мөшгөөд байдгын, бүү мэд. Цаанаа ямар ч учир шалтгаан, өш хонзонтой байсан төрийн түшээ хүмүүс ингэж бүсэлхийнээс доогуур юм ярьж, ор хөнжлийн явдлаа дэлгэлцэх юу нь сайхан байхав, ямар мань мэт биш.
Гэснээс дэлхийн зах зээл дээр зэс алтны үнэ овоо өсөөд, Баярцогт сайд баярын нулимс унагах нь холгүй явна лээ. Монгол Улсыг хөгжүүлэх санд 72 тэрбум төгрөг орж ирсэн, тэрүүгээр хүүхдийн мөнгөө өгнө дөө хэмээн хөлсөө шудрах нь урьд кармаагаараа хойд хормойгоо нөхдөг айлын авгай шиг санагдсан. Уул нь улсын төсөв гэдэг гадны хүчин зүйлээс тэр болгон хамаараад байдаггүй, эрсдлээ тооцож зардлаа хэмнэсэн дархлаа сайтай байх ёстой гэж боддог. Гэхдээ миний мэддэг эдийн засаг ч гэж юу байхав. Таван цаас илүү орж ирж байгаа бол сайн л биз. Элбэгээ Ерөнхийлөгч болсон тул Чингэлтэйн 24-р тойрогт нөхөн сонгууль болох ёстой, тэр нь найр наадмын наймдугаар сард биш, ерөөл хэрүүлийн есөн сар хүртэл хойшилж байгаа гээд ялих шалихгүй явдал суудал бишгүй л байна.
Гол гонсойлгож, сэтгэл хөндүүрлэсэн явдал бол Ардын жүжигчин Дамчаа гуай өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн мэдээ байлаа. Ирж буцах нь амьдралын жам ч ийм л сайхан хүмүүсээ чимээгүй үдэх нь дэндүү харамсам, бас уйтай. Цул авьяасыг атгаж төрсөн тэрбээр “Эсрэг дүрийн эцэг” хэмээн олон түмэндээ хүндлэгдсэн, жүжигчнээс гадна дуучин, бүжигчин, орчуулагч, кино зохиолч хүн байсан. Тайз дэлгэцийн олон дүр, танил болтлоо хоногшсон дуу хоолой нь та бидний дунд үүрд амьдрах биз ээ.
Яг л үүнтэй зэрэгцээд дэлхий нийтийг цочроосон явдал бол Попын хаан, домогт Майкл Жексон таалал төгссөн явдал байлаа. 50 нас гэдэг америкчуудын хувьд 30 настай монгол хүн шиг ид залуу боловч түүний амьдрал тэр чигээрээ скандал, богино мөртлөө сүр дуулиантай урт түүх байв. Таван настайгаасаа л олны анхааралд өртөж, ховорхон хоолой, хосгүй бүжиглэлтээрээ дэлхийг алмайруулсан түүнийг энэ цагийн сүүпер од гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Давтагдашгүй өвөрмөц ертөнцөө өөртэйгөө үүрд авч одсон тэрээр дахин хүн төрөлхтөнд од болон ирэх биз ээ.
Зуны дунд сар улирах дөхөж байгаа хэдий ч хурц нар ээхийн хажуугаар хур бороо, хүйтэн салхитай зэвэргэн өдрүүд үргэлжилж байна. Зарим аймаг суманд үер усны аюул нүүрлэж, мал хуй осгож байгаа мэдээтэй, байгаль дэлхий жил ирэх тусам хатуурхаж буй энэ цаг үед бусдад гавьяа болохгүй ч гай тарихгүй, хийсэн үйлдэлдээ эзэн болж анхаарал сэрэмжтэй амьдрах юмсан даа гэж.
За за, аягүй төрийн төлөө оготнолог бичлэг боллоо, өдөр хоног урсдагаараа урсаж, өнгөт амьдрал гэрэл шиг алагласаар байх нь тодорхой авч энэ зуурт надтай хамт байж элийрсэн бичлэгийг саатан уншсан Танд аз жаргал хүсье. Амьдрал тань амжилт, ялалтаар ямагт бялхаж яваг.
Миний анхны гол баатар
Posted
by Idea
in
Дурсамжийн тасархай
Их дэлгүүрт явж байгаад би нэг хүнийг харангуутаа зогтуслаа. Хоёр суга таягтай, хижээл насны намхан махлаг тэр эмэгтэй яагаад ч юм танил санагдаад. Хүү нь бололтой өндөр залуу хоёр гартаа тортой юм барьсаар алхаанд нь тааруулан аажуухан зэрэгцэн явна. Тэгснээ эмэгтэй нэг лангууны хажууд зогсоод юуг ч юм эрүүгээрээ заан хүүдээ юм хэлж байна.
Хаана, хэзээ энэ эгчийг харснаа саначих санаатай түүнийг таг гөлөрснөө анзаарсангүй. Аан тийншдээ, би энэ эмэгтэйтэй уулзаж байсан, бүр хэдэн цаг ярилцсан шүү дээ гэж бодов. Өөрийг нь хүн ширтээд байгааг мэдэрсэн үү яасан тэр над руу эвгүйрхэнгүй харснаа нүүр буруулав. Намайг огт таньсангүй. Яаж ч таних билээ. Найм есөн жилийн өмнө ганцхан уулзсан, тэгээд ч нүүрнийхээ талыг тагласан бараан шилтэй явахад. Харих замд ч мөнөөх эмэгтэй санаанаас гарахгүй байлаа. Овоо доо, босоод явдаг болчихож. Хүү нь харин танигдахааргүй том болжээ. Ээжээсээ хамаагүй өндөр юм гээч.
Сэтгүүлч гэдэг нарийн төвөгтэй, ээдрээтэй мэргэжил сонгосноос хойш миний анхны бие дааж хийсэн сурвалжлагын маань гол баатар энэ эмэгтэй байсан юм. Төгсөх курсийнхээ өвлийн амралтыг дуусгаад уртын дадлагад гарах ёстой байлаа. Ноднин жил нь телевиз дээр гарсан болохоор энэ удаа заавал сонин сэтгүүлийн редакцид ажиллаж, сэтгүүлзүйн таваас доошгүй төрлөөр юм бичиж нийтлүүлэх даалгавартай байв. Амралтаа дөрөв тав хоног хэтрүүлээд иртэл манай ангийнхан аль хэдийн ажиллах газраа сонгоод дадлагатаа гарцгаачихжээ.
Хоцорсны гор гарч өдөр тутмын болон долоо хоногийн томоохон сонинууд бүгд “эзэн”-тэй болсон байв. Надад 10 хоногт нэг гардаг “Афродита”, “Эрүүл энх” гэх мэт цөөн уншигчтай салбарын сонин л үлдсэн байлаа. Аль нэг төвийн хэвлэлд том том юм бичээд, аав ээж тэрийг маань олж уншаад л чухам тодрох юм бодож явсан их санаатай оюутан “Эрүүл энх” сонинд ажиллах удирдамжаа аваад урамгүйхэн эргэтэл сургалтын албаны дарга “Зүгээр ээ, жижиг газар тусам хүн их юм сурна. Зай талбай ч хангалттай олдоно” гэж билээ.
“Эрүүл энх” сонин Эрүүл мэндийн яамны урд халуун усны байр шиг хөөрхөн жижигхэн тоосгон байшинд байрладаг, дотроо жижигхэн хэвлэх машинтай, эх бэлтгэл, редакцтайгаа нийлээд арав гаруйхан хүн ажилладаг авсаархан газар байв. Гол төлөв эрүүл мэндтэй холбоотой мэдээ бичээд л хэсэг гүйлээ. Нэг өдөр сонины эрхлэгч намайг дуудаад “За чи хө ярилцлага хийж ирнээ. Сурвалжлага болгоно уу өөрөө мэд. Би хүнтэй нь тохирчихлоо. Одоо яваад оч” гээд хаягийг нь хэлж өгөв. Өрөөнөөс нь гарч явтал араас “Хөөе, Зенит аваад яваарай” гэх нь тэр.
Бантсандаа ямар учиртай хүнтэй уулзаж юу асуухаа ч мэдэж чадсангүй, дээрээс нь барьж ч үзээгүй мэргэжлийн аппаратаар зураг авах болсондоо баахан баргар царайлав. Ашгүй кофендоо гүйлгэдэг сэтгүүлч эгч өрөвдсөн үү яасан, өндөр болгох хагалгаанд ороод суумгай болчихсон хүүхэн гэсэн, тэр болгон сонинд ярилцлага өгдөггүй гэнэ лээ. Сургамжтай талаас нь ярилцахгүй юу миний дүү гэж хэлж өгөв.
Дөчин мянгатын шар байшингуудын нэгэнд очтол хоёр гуравдугаар ангийн л бололтой нэг хүү баахан байцаасны эцэст хаалга тайлж өгөөд том өрөө рүүгээ дохилоо. Арын өрөөнөөс тэргэнцэр дээр суусан мариалаг хүүхэн гарч ирээд над руу голонгуй харснаар бид хоёрын яриа эхэлсэн юм. Гэхдээ мэдээж тэр эмэгтэйг чөлөөтэй яриулна гэдэг амаргүй байлаа.
“Илизаровын аппарат”... Энэ аппарат майжигийг засч тэгш шулуун хөлтэй болгодог төдийгүй намхан хүний хөлийг 10-15 см сунгадаг гэж би урьд нь сонсч байв. Үнэнийг хэлэхэд өөрийгөө намхан гэж голдог байсан болохоор ийм аппаратанд ороод өндөр болохсон гэж бодож явсан удаа бий. Яагаад ч юм ингэж хэлтэл эмэгтэйн ааш арай зөөлрөөд ирэх шиг санагдсан.
“Эгч нь арван жилийн өмнө яг чам шиг намхан боловч эвлэгхэн биетэй охин явлаа. Боломжтой айлын ганц охин, хойно сурдаг, бүжиглэдэг гээд л мандаж явсан цаг бий. Үеийн залуус ч их эргүүлнэ. Гэхдээ зовлонгийн үрээ би өөрөө л өөртөө тарьсан болохоор яая гэхэв дээ. Тэр үед би өөрөөсөө гурав ах нэг залуутай үерхдэг байлаа. Намайг манай Э хөөрхөн шүү, даанч намхан гэдэг байв. Хоёрдугаар курсдээ анх энэ аппаратны талаар сонсоод сонирхтол маш өндөр үнэтэй байсан. Ер нь Москва их өртөг өндөртэй газар шүү дээ. Тэгээд л Монголд ч бас ийм хагалгаа хийдгийг олж мэдээд аав ээжийгээ шаналгах болсон доо.
Амралтаараа ирээд хайсаар байгаад эмчтэй нь уулзлаа, эмч надад их л амархан юм ярьж, тэрийг нь би улам амархан болгож аав ээждээ ярьж шалсаар байгаад хагалгаанд орох болов. Сэрчигнэсэн салхитай зэврүүн өдөр байсан санагдана. Орос маягийн шар тоосгон байшинд орохдоо энэ дотор дор хаяж гурван сар хөдөлгөөнгүй хэвтэх юм чинээ төсөөлсөн ч үгүй. Эмч миний хоёр хөлийг шилбээр нь цүүцдэж хугалаад хоёр тийш нь татаж туухай шиг төмөр зүүгээд л бороолохыг нь хүлээлгээд орхисон. 45 хоноод хөл дээрээ босно гэж байсан би хоёр сар, гурван сар хэвтлээ. Сургуулиасаа ч чөлөө авлаа. Эмч сүүлдээ эрүүл саруул залуу хүн байж яасан удаан бороолж байнаа гэх маягийн юм ярьж, намайг буруутгах хандлагатай болов. Хөөрхий аав минь хэл ам хийж байгаад намайг гэртээ гаргалаа. Янз бүрийн эмч авчирч үзүүлж, яс түргэн бороолуулдаг сайн гэсэн болгоныг олж ирэх болов. Тэгээд ч нэмэр байхгүй, бүр баруун хөлөнд минь илүү яс ургаж эхэллээ. Нөгөө эмч нэг л өдөр сураггүй болсон. Аав минь шүүх цагдаа гэж яваад сүүлдээ даралт нь ихсээд бие нь муудах боллоо. Би босч чадахгүй л байлаа.
Хамгийн харамсалтай нь би тэр үед жирэмсэн болсноо мэдээгүй байсан. Хэвлий дэх хүүхдээ таван сартай болсон хойно нь мэдсэн гээд бод доо. Гэтэл хэвтрийн хүн болсон байдаг. Эхэндээ ойр ойрхон орж гардаг байсан найз залуу сүүл рүүгээ ирэх нь цөөрлөө. Хүүхэдтэй болсныг минь мэдээд, бас намайг ийм эрэмдэг болсон болохоор тэр байх л даа. Тэгээд л удалгүй бас сураг алдарсан. Би гэдэг хүн сэтгэлээр унаад нүднээс гарч эхлэв. Хөөрхий аав минь охиноо ийм байдалтай, элий балай юм шиг болж байгааг харж шаналсаар инфакт болж нас барсан. Одоо надад богино хугацаанд өчнөөн зовлон үзсэн ээж минь, бас кесеров хагалгаагаар төрүүлсэн ганц хүү минь л байна даа. Одоо босоод явах гэхээр хоёр хөл маань сөхөрч уначих гээд байдаг. Гэхдээ ийм ажилбар болгон амжилтгүй болдог гэж би хэлэхгүй. Надад аз дутсан хэрэг. Сайн судалж үзэлгүй сэтгэлийн хөдлөлөөр шийдэн, хүнээ зөв сонгоогүй нь алдаа болсон. Бас бодлогогүй, эрх танхи явсны харгай. Сэтгэлээр унаад, бас хөдөлгөөн хоригдоод өмнөхөөсөө бараг 20 кг нэмсэн. Сургууль ч бүр өнгөрсөн. Хамт сурч байсан найз нөхөд одоо намайг хараад таньдаггүй” гэх мэтээр хүүрнэсэн тэр эмэгтэйн яриа өнөөдөр ч тодхон санагдаж байна.
Тэднийхээс гарч явахад яагаад ч юм сэтгэл хөндүүрлээд байв. Олон л зүйл ойлгосон юм шиг боловч яг үнэндээ яаж бичих учраа олдоггүй. Тэгээд л ямар ч байсан бичсэн, тэр эгчийн тэргэнцэртэй зургийг залуугийнх нь бүжиглэж байгаа зурагтай зэрэгцүүлээд тавьсан. Тэр үед компьютер ховор байсан болохоор гараар бичээд л өгч байсан. Гарсан сонинг нь хадгалж явснаа алга болгочихож. Бодвол дадлагын тайландаа хавсаргаа биз. Ингээд л энэ гээд харуулчих бодитой юм үлдээгүй ч анхны сурвалжлагын маань гол баатар сэтгэлд минь орон зайгаа алдаагүй явж.
Мэдээж би мэс заслын аргаар өндөр болох мөрөөдлөө ор тас орхисон. Өөртөө заяасан гоо үзэсгэлэнгийн үнэ цэнийг ч мэдэрсэн. Дотны найз маань хүртэл давхраа хийлгэх гэж байснаа болиод бүлцгэр зовхио донжтой нь аргагүй сүүдэрлэж будаж сурсан шүү. Хожим нь би М.Батмөнх эрхлэгч яагаад тэр сурвалжлагад өөрсдийнхөө сэтгүүлчийг биш туршлагагүй оюутанг хөөж явуулсныг ойлгох шиг болсон. Намайг жижигхэн биетэй болохоор илүү сэтгэлийнхээ гүнд ортол хүлээж авах байх гэж, бас тэр эмэгтэйг ижил төстэй чанараараа уяраан илэн далангүй яриулчих байх гэсэндээ даалгасан байх гэж боддог шүү. Хамгийн гол нь надад тоож итгэсэн нь огт чадахгүй аппаратаар гэрлийг нь багадуулсан ч гэсэн зураг аваад ирэхэд хүргэсэн байх.
Дараа нь би Саажилттай хүүхдийн 10-р цэцэрлэгээс “Нар тусдаггүй тавилан”, Хордлого тайлах төвөөс “Талхнаас ч хямдхан амь” гэх мэт сурвалжлага, тэмдэглэл хийсэн. Харамсалтай нь бас л алга. Хэдэн халтар хайчилбар маань нүүж суухад гээгдсэн бололтой. Хамгийн гол нь сонины сурвалжлагч байна гэдэг микрофон бариад зурагтаар гарахаас хэд дахин хэцүү, бас амттай болохыг ойлгосон гэх үү дээ. Гэхдээ би телевизийн ажлыг амархан гэж огтхон ч хэлээгүй шүү. Хүнд хүрэх талдаа илүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Харин төгсөөд хүссэн юм хүзээгээр болж үйл явдал л хөөцөлддөг мэдээний машин болсон. Тэнд тийм юм боллоо, энд ийм хурал боллоо гээд л. Ажилд орсон газрын маань онцлог тэр юм л даа. Нэг л болохгүй байгааг мэдээд байсан ч хэрхэн яах ёстойг мэдэхгүй амьтны дургүй хүргэж явсан удаа зөндөө бий. Ер нь сэтгүүлч хүнд гурван чадвар заавал байх ёстой юм шиг санагддаг. Цаг үеэсээ хоцрохгүй мэдрэмжтэй байх, хоёрдугаарт мэдээллийн суваг сайтай, танилтай байх гол байлгүй яахав. Гэхдээ хамгийн чухал нь болсоныг болсноор нь биш өмнөх хойдохтой нь харьцуулдаг, үр нөлөө, үүсэх дагаварыг нь олж хардаг аналитик байх ёстой. Тэгэхгүй зөвхөн цаг үеийн үйл явдалд хавчигдвал зүгээр л протоколчин болох юм шиг бодогддог. Гэхдээ би яг ийм байдлаар их удаан явсан. Бүр элэгдэж мөлийж, дасан зохицотлоо гэх үү дээ. Харин сүүлийн үед ажлын нөхцөл бага ч гэсэн ахиж, анализ хийдэг тоймч болох мөрөөдөлдөө алхам ойртох боломж бүрдэж байгаа. Даанч бусдын яриаг зүрх сэтгэлээрээ хүлээн авч, бичье гэснээ элдэв шалтгаан тоочилгүйгээр биелүүлдэг гэнэн мөрөөдөл, дэврүүн хүслээр дүүрэн явсан үе минь цагийн эргүүлгэнд улам л бөхөөд байх шиг.
Сарьсан багваахай
Posted
by Idea
in
Хөшигний цаана
Цаг нь болоогүй байгаа юмыг цагаас нь урьтан хүлээж догдолж, уурлаж бухимдаж, маажиж малтаад нэмэргүй гэдгийг яс махаараа, хацар духаараа мэдэрсэн хүн нэг ширхэг байна даа энүүгээр. Нарнаас нуугдах сарьсан багваахайн амьдрал минь наанадаж дахиад хоёр долоо хоног үргэлжлэх нь.
Хоёр сар орчмын өмнө би гэдэг хүн бодлогогүй, болгоомжгүйгээсээ болоод нүүрээ түлж, түлэнхийн шархыг эдгэртэл гэрийн хорионд орж, гэрэлт нарнаас зугатаах болсон билээ. Битүү таглагддаг тэр түргэн болгогч сав чинь ёстой аюултайм байлаа шүү таминь ээ, үеийн нөхөд, үр хүүхэд, атаат дайсан, ач гучдаа захихад.
Гэртээ ганцаараа үлдмэгцээ дураараа дургиж, дунд чөмгөө духан дээрээ иртэл жиргэдэг зангаараа санаачлага гарган сав суулга худалдаж аваад, сайн дураараа шампааньск буудуулсийм болохоор хэндээ ч гомдохов. Зарсан хүн нь ч надтайгаа таарсан, заагаад хэлээд өгчихгүй гээл хааяа уур хүрдэгийн. Одоо ч нэг үеэ бодоход түлэнхий нь эдгэрээд хэдэн сорвины л асуудал байна. Хурц нар, хуурай салхинаас хамгаалахгүй бол эмчилгээ үр дүнгүй болдог гэсэн.
Тэгээд яахуу дээ, учиргүй хөөрхөн байгаагүй ч урдахаасаа урод болчихсон хүн чинь царай муутай нэгний зовлонг аягүй гүнзгий ойлгодог юм байна. “Симба” дээр гардаг Сорвитын зүс нь муухай ч сэтгэл нь сайхан юм байлээ шд уул нь. Тэр муу Мустафа л араатны хааны титмээ алдчих вий гэж айхдаа худлаа хор найруулаад... өө юү вэ хүүхэлдэйн кино ярьцан явжийна. Юун дээр зогслоо? Тэр скоровар чинь ёстой аюултай... өө түрүүн ярьцийшд, яагаад анхаарал төвлөрөхгүй байнаа.
Ямартаа ч энэ цаг хугацааг бурханаас надад өгсөн тайм аут гэж ойлгож байгаа. Улс төрийн хов жив, улангасан буцлах нийгмийн амьдралаас хэсэг ч гэсэн амсхийж, өнгөрснөө дүгнэж өнөөдрөө эргэцүүлж ирээдүйгээ төлөвлөж, юунд ч санаа зовохгүй, яарч сандрахгүй байх нэг бодлын сайхан ч юм шиг. Заавал нүүрийг минь түлж байж завсарлага өгдөг бурхан ч бас новшийн гар байна шүү, цагаа тулахаар ккк.
Гэхдээ гэртээ гиюүрч зүгээр суугаагүй ээ зайлуул. Хүний ном редакторлох өрнөөс саллаа, тоохоо больчихсон тэмдэгний цуглуулгаа тоймлож янзаллаа, тордохоо мартчихаад байдаг хэдэн цэцгээ арчиллаа, дөрвөн оронтой лавлах утасны компанид гэрээгээр цуврал социал рекламны сценари хийлээ, уншъя гэж бодож байсан номнуудын ард гарлаа, болоогүй ээ фришки шиг нүүрээ мантуун бууз болгох санаатай өдөр болгон мантуун бууз хийж идэж байгаа, яахав зүгээр байснаас нэмэртэй л юм байна. Бясалгалд явсан бас. Энэ удаа номын багшаа ногоон нүдээрээ сэм ширтээд байлгүй жимбийтэл сууж байгаад жинхэнэ утгаар нь бясалгасан шүү харин ч.
Үд хүртэл унтаал, босонгуутаа блогдоол, сайт харж байгаад гоё гоё хоол дууриаж хийгээл, идээл таргалаал. Хашрахгүй шинээр туршаал, ёоо хоолноос болж үхэх вий дээ энэ хүүхэд. Тэгээд л хаалга цонх хамаг юмаа битүүлсэн чигтээ орой хүртэл зурагт таг гөлрөөстэй, эсвэл номоо тэврээл орчлонгоос тас. Харин үдэш болонгуут шар малгай шамшийтал духдуулж, хар шил хамар дээрээ тогтоож аваад гарч өгнө дөө. Байрны гадаа бацаануудтай тоглох буюу салхилж суугаа хөгшчүүлтэй бодлоо уралдуулж, бодлогын шийдвэр гаргахад оролцоно.
Моргежийн зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх тухай, Лондонгийн бирж дээр металийн үнэ ханшийн хэлбэлзэл ямар байгаа, улс орны батлан хамгаалах салбарын уналт ололт, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах арга зам гэх мэт өргөн дэлгэр асуудлаар үзэл санаагаа өрсөлдүүлнэ. За тэгээд озоны давхаргын цоорхойг хэрхэн нөхөхөөс эхлээд одооны хүүхдүүдийг яаж даруулгатай хүмүүжүүлэх вэ гээд юу эсийг ярилцаж, мэтгэлцэхэв бид хэд. Хааяа хоёр хуваагдаад талцаж муудах юм гарна. Танай муу хүзүүгүй Элбэгээг юу хийхийг нь харъя, чиний авилгач Энхбаяраас чинь л дээр гэх мэтээр цээжин дэх цэцэн мэргэн үгээрээ цэц булаалдах энүүхэнд. Заримдаа зад канастардаж, над мэт нь навс хожигдоно.
Нэг удаа өөр хувцастай хажуугаар нь өнгөрч явтал “Манай нэгдүгээр орцны нүүрэндээ сорвитой, нүдэндээ галтай охин яагаад гарч ирэхгүй байнаа. Царайгаар шалихгүй ч яриагаар явах хүүхэд шүү” гэцэн авч өгч байжуу. Цагтаа нүүрэндээ пүүдэртэй, нүдэндээ коонтуртай хүүхэн явсымсан. Гэнэтийн юм гэж гэнэтийн л байдаг юм байна. Тэрнээс хойш аймар хашир болсон. Жорлонгийн почки хагарчихвий, разетка руу ус ороод буудчихвий, урд яваа хүн сунайхдаа нүд рүү гараа хийчих вий, унтаж байтал цонхоор чулуу шидээд толгой хагалчихвий гээд л. Юухан хээхнээс хүртэл айж болгоомжилдог болсон байна лээ. Ай хөөрхий өмнө нь залуу ч явж, зоригтой ч явж.
Гэснээс би угийн улаан хэлтэнг урдуураа өнгөрөөдөггүй урамтай сайхан хэрэлддэг хүн дээ. Хорон муу үгийг хэрхэн ходоодны мухраас урсгаж, хэрэлдэгч этгээдийн ганц ч үгийг газар унагалгүй тосон авч ганхийхгүй болтол нам дардаг чадварыг минь хөндлөнгөөс харсан хүн бахархан хүндэлсэндээ баярын нялмас унагамаар сайхан амьтан явлаа шд. Тэгсэн толботой нүүрнээс болоод төрөлх ур чадвараа алдчихаад байна.
Эртүүд супермаркетийн кассанд оочерлож байсан чинь нэг хүүхэн баахан юм тэврээд шууд урдуур дайрдаг байна шд. “Хөөе оочерлоорой” гэсэн чинь “Сүртэй ийн” жэхшиг. Уур хүрээд тэр мууг уватанага мэхээр касснаас түлхээд холдуулчмаар байсан ч нүүрний сорвио санангуутаа нүгэлтэй хүн шиг гөлөлзөөд өнгөрсөн. Энэ муу түлэнхий гоо сайхнаас минь гадна давтагдашгүй унаган авьяасыг минь даанчиг муухай гутааж байна даа. Хөвчийг цас дарж, хөөрхнийг сорви дардаг гэдгийг истоо зүүдэлсэнгүй явж. За яахуу, цаг цагаараа байдаггүй, цалин бүтнээрээ үлддэггүй. Толбоноосоо салчихаад тормолзож явах өдөр мөд ирэх байлгүй дээ тээ?... тэххх.
Бээлий шатлаа...
Posted
by Idea
in
Дурсамжийн тасархай
Хэдэн өдрийн өмнө блог анд Бороогийн “Гадаад хэлээр дуулдаг байж билээ” бичлэгийг уншаад хүүхэд насны дурсамж сэргэн үхтлээ инээв. Тэрнээс хойш үе үе аманд “Бээлий шатлаа” хэмээх “утга төгөлдөр” дуу орж ирэх болж. “Бээлий шатлаа ... чиний миний, том жижиг бээлий шатлаа” гээд дуулсан чинь манай охин “Та чинь одоо юугаа дуулаад байгаан бэ, юм хум шатаад байгаа бол гал команд дуудаач” гэсэншд. Тэгэхээр нь италиар дуулж байна, чи ч юугаа мэдэхэв гээл томорцон.
Оросоос өөр хэлний үнэр ч аваагүй мань мэт багадаа гадаад дууг хэрхэн дуудлагаар нь монгол руу “орчуулж”, өөрийнхөөрөө авч өгдөг байсан тухай Бороогийн бичсэн дээр баяжуулж ганц нэг жишээ давхардуулалгүй оруулмаар санагдлаа. Гадаад дотоодоор явж галуу шувууны мах идсэн, гахай нохойны хэл сурсан хүмүүст бол гайхуулах ч юм биш, Итгэлт баяны данс шиг ичмээр дамшиг байгаан. Эхлээд манай үеийнхэн ийшээ ороод “Бээлий шатлаа” хэмээх нийтийн дуугаа нэг дагаад дуулчаарай.
За тэгээд “Макарина” гээд гар хөлийн хөдөлгөөнтэй дуутай бүжиг моодонд орвоо, нэг хэсэг. Тэрийг нь “Махаар яанаа” гэж сонсоод бүр “Манжин байхад махаар яанаа” гээл аягүй ахуйлаг сэтгэхүйгээр хөрвүүлэн гараа ташаандаа авч байгаад дуулж бүждэг байлаа шд.
Бас Лэди Гагагийн “Бөөс” гэдэг дуу байна. “Бөөс бөөс бөөс, алаг эрээн бөөс” гэж дуулдаг байсныг эргээд сонссон чинь “Boys boys boys, we like boys in cars” гэж байсан байна лээ. Ер нь бол нээх утгаас гажаагүй л байгааз дээ ккк. /хөвгүүдэд алуулсаан/
Гэснээс ганц гадарладаг гээд гайхуулаад байсан орос дуугаа бүр эвийн эротикоор сонсоод гуйвуулж дуулж байсан удаатай шүү. Ёоо бичих гэсэн жоохон ичээд. За яады, ингэж дуулдаг байсан л юм чинь. “Байжий байжий тонгой, аа чихье чихье чихье даа” гэдэг дууг эндээс лавлаад сонсчоорой.
Дараагийн дуу бол ерээд оны дундуур хит болсон Элтон Жоны “Sacrifice”. Дахилтыг нь “Көөвөн көөвөн ахаа Бадам байхгүй” гэж монголчилдог байв. Зарим нэг нь нутгийн аялгаар “Көөв көөв хо хадам баагий” гэж дуулдаг байсан гэж байлээ. Аль нь ч бай ёстой Рагугийн хэлдгээр “мэдрэмж баакүү” нөхдүүд байгааз.
Манай эгчийн нэг найзыг Лида гэдэг байлаа. Хүүхэддээ орос нэр өгч чамирхдаг байсан соц үеийн бүтээгдэхүүн л дээ. Ангийнхных нь авгайлж дууддаг хоч Лээбээ. Эгчийн найз нар хичээл давтах нэрийдлээр манайд цуглаад “Modern Talking” хамтлагийн пянзыг их тавьдаг байв. Хачирхалтай нь яаж ч сонссон нэг дуун дээр нь Лээбээ эгчийн нэр гараад байдаг байв. Бүр шээрэн болгож дооглоод ч байх шиг. Тэгсэн “Cherry cherry lady” гэдгийг би “Шээрэн шээрэн Лээбээ” болгож сонсоод байсан юм байна лээ. Ноднингийн айдол дээр нэг болгар хүүхэн Мariah Carey-гийн “Without you”-г “Кээн ли даабат дээбэт юу” гээл авч өгдөг шиг хэхэ.
Ингээд бичээд байвал овоо урт жагсаалт гарах шинжтэй. Гэхдээ үүнийг одоо нээх гадаад хэл сурчихаад онгироод байгаадаа ч биш хүүхэд насны хөгжилтэй дурсамжаа сэргээх үүднээс, бас “Universe best songs-2009” уралдааны финалд үлдсэн 25 оролцогчид амжилт хүссэндээ сараачлаа. Шоу зохиогдсон өдрөөс эхлээд л хэлний болон хоолойны авъяастай монгол залуусаараа үнэхээр бахархсан. Манай Шарын голын Бодьгэрэл гэж охин бүр гуравдугаар шат хүртэл нь явсан шүү, хөөрхөн. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр залуусын маань сэтгэлгээ тэлж, мэдлэг боловсрол, биеэ авч явах чадвар дээшилж байгааг харуулсан сайхан шоу гэж бодож байна. Сүүлийн шалгаруулалт нь 31-нд “UB palace”-т болох юм байна лээ. Тэр үеэр хотод байсан бол малгай духдуулж маск зүүгээд үзэхгүй юу ккк.
Миний тухай
- Idea
- Ulaanbaatar, Mongolia
- Гэрэл гэгээтэй бүхэн рүү би тэмүүлдэг Гэнэт гунидаг шигээ амархан баясдаг Өрөөлд урам өгч бусдаас авах дуртай Өөрийнхөө ертөнцөд эзэн явахдаа жаргалтай...
/Ангилал/ Ухаж төнхөөд уншицгаана биз
- Уран бүлтрээ (24)
- Нийтлэлийн оронд (23)
- Хөшигний цаана (14)
- Зүрхний бичээс (13)
- Халууны шил (10)
- Дурсамжийн тасархай (9)
- Явсан газрын сонин (7)
- Солгой бийр (5)
- "Би асууя-Та хариул" (3)
- Найзууд (3)
- Омогшил (1)
- Сонордуулга (1)
- Хобби (1)
Блогчид бичсээр, бодрол урссаар
-
Stir fry3 hours ago
-
-
Miss Pettigrew Lives For A Day19 hours ago
-
-
-
Аялалын тэмдэглэлээс2 days ago
-
-
АВАРГА АА, намайг амлаач...4 days ago
-
Сайхан наадаарай4 days ago
-
-
-
Unuudur EXIT hugjmiin naadam!!!5 days ago
-
Зүгээр суухаар..1 week ago
-
Бүтэн сайн1 week ago
-
Dirty Japanese1 week ago
-
Lion kiss (Арслан хүн хоёр 2)1 week ago
-
-
Miscellaneous2 weeks ago
-
Зуны хумсны өнгүүд4 weeks ago
-
№11 month ago
-
- Өндөр настны блог
- Японд амьдардаг бүсгүйн блог
- Юкигийн "юмтай" блог
- Эрхэмээгийн эгэлгүй блог
- Эрдээтэй хамт English-ээ сайжруулнаа
- Энхбаатарын эрхэмсэг блог
- Энхбаатарын блог
- Шар үстийн блог
- Ш.Баатар шад блог
- Чандманий чанарлаг блог
- Цэцэнбаатарын цэнэгтэй блог
- Цоомоогийн цомцгор блог
- Цасаагийн царайлаг блог
- хөгцтэй Гөөхий = Хөхтолбот
- Хүүгийн хүршгүй блог
- Хүжийгийн хөгжилтэй блог
- Хуруугийн дэмбээчин блог
- Хундагын 100 гр блог
- Хишгээгийн хэлэмгий блог
- Хашир анжгай өгүүлэх нь
- Түгжилийн "түймэр"-тэй блог
- Тэнэмэл аянчны блог
- Тэнэмэл андын тэлээ үгс
- Тогоруугийн томоогүй блог
- Сугараагийн "сумочин" блог
- Санаахайгийн сайхан блог
- Сайд асан ахын "санхүүлэг" блог
- Орчуулаад өгье
- Орж байхад илүүдэхгүй
- Опал охины өчил
- Оогийноогийн ондгор блог
- Олон салаа хэлтэй болохийнсон
- Наранбаатарын "намбагүй" блог
- Нандиагийн намбалаг блог
- Нанаагийн налирхай блог
- Муур багш нарын мугуйд блог
- Муланкагийн "мунаг" блог
- Микаагийн алдартай блог
- Мелкадиесийн "мэдэмхий" блог
- Маркетингийн "маягтай" блог
- Мами нааш ир манайд....
- Криллээр бичихдээ ашиглье
- Компьютер бол ертөнцийг харах цонх
- Их түүхийн гайхамшигт агшин
- Идогийн этгээд блог
- Игаагийн тэнгэрлэг блог
- Зүүдэлдэг даргын зөнч блог
- Заяагийн жаягтай блог
- Зараагийн замбараагүй блог
- Зандаагийн "сэгсгэр" блог
- Зангга-ийн зайтай блог
- З.Энхболдын зангарагтай блог
- Жаагийгийн жаравгар блог
- Ерөнхий захирлын ер бусын блог
- Е.Битмийнжүүлэх хөтөлбөр
- Дулааны бүлээн блог
- Дархан хүний бурхан ухаан
- Давтагдашгүй "Даяар Монгол"
- Гэгээлэг Австрали бүсгүй
- ГоүГоү гого блогууд
- Гобигийн гоёмсог блог
- Ганга-ийн ганган блог
- Ганбаагийн гайхалтай блог
- Галавсаа- буриад өвөө
- Галааридын гандашгүй блог
- Гаампын гажиг блог
- Бямбаагийн "балбадаг" блог
- Бэк Жэннигийн "бэлэн" блог
- Буянцогтоогийн бурханлиг блог
- Бум ахын бурамтай блог
- Болорхоны орон зай
- Болмжморын жиргээ
- Баян сум=Баяасум
- Батаа нэгээс гурав
- Артаньян Аньяаны блог
- Араатны хаан Арслан
- Анхаагийн түвшин блог
- Амарсайханы "ангалзуур" блог
- Амайгийн дэлхийг тойрсон блог
- Алтан харгана = Алтаргана
- Pearle Deppsu-ийн блог
- Peakfinder-ийн блог
- Lice-ийн "бөөстэй" блог